Түргэдэж мэдэмхийрвэл алдаж уруудахын цондон
- Tsetsen D
- Sep 16, 2021
- 3 min read
Updated: Sep 18, 2021
Yale-ын их сургуулийн багш Frederik Shane шийдвэр гаргах явцад хүний далд ухаан ба логик оюун ухаан хоёрын аль нь илүү их оролцдог вэ? гэсэн асуултад ул үндэслэлтэй хариулт өгөх зорилгоор нэгэн сонирхолтой судалгаа хийхэд хүн аливаа асуудлыг оюун ухаанаараа бус харин зөнгөөрөө (instinct) шийдвэрлэдэг илүүтэй болохыг олж тогтоожээ. Судалгааг хийхдээ оролцогчдоос ихэвчлэн танин мэдэхүйн чанарын тест авсан аж. Тестээр дор агуулсан асуулттай адил асуултуудыг оролцогчдоос асуужээ.

Асуулт: "Нууранд бадамлянхуа цэцэг ургадаг. Цэцэг нь хурдан ургадаг төдийгүй нэг өдрийн дотор хэмжээгээрээ хоёр дахин нэмэгддэг. Ингээд цэцэг нь өдөр болгон хоёр дахин нэмэгдсээр 48 хоногийн дараа нуурын гадаргууг бүтэн бүрхжээ. Нуурын гадаргүйн 50 хувийг буюу талыг нь бүрэн бүрхэхэд хэдэн хоног шаардсан бэ?"
Хэрэв хариулт нь “24 хоног” гэж бодсон бол өөрийн чинь шийдвэр гаргаж буй байдал ихэвчлэн зуршлаар явагддаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл нэг их эргэцүүлж бодолгүйгээр л хариултыг хэлдэг зуршилтай гэж хэлж болно.
Хүн угаасаа л шийдвэрүүдээ ихэвчлэн зуршлаараа буюу "автоматаар" гаргаж байдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүн шийдвэрийнхээ 95 хувийг зуршлаараа гаргаж байдаг бол ердөө 5 хувийг нь логик оюун ухаанаа оролцуулсны үндсэн дээр гаргадаг байна (@Dispenza J).
Шийдвэр гаргах гэж эргэцүүлэн бодно гэдэг нь цаг ба энерги ихээр зарцуулна гэсэн үг. Харин эволюцийн явцад цаг ба энерги хэмнэх нь амьд тэсэн үлдэхэд чухал байсан тул нэгэнт “танил” буюу мэддэг болсон асуудлыг эргэцүүлэн бодолгүйгээр зуршлаар шийдэх нь хавь илүү үр дүнтэй байсан нь тодорхой. Ингэснээр хүн аливаа асуудал тулгарахад хариу үйлдэл даруй хийх боломжтой болдог. Үүний үр дагаварт урд өмнө тулгарч байсан үйл явдлаас олж авсан туршлагыг үндэслэн “танил” буюу мэддэг гэх асуудлуудыг зуршлын дагуу шийдвэрлэж эхэлсэн гэж үздэг. Асуудлыг зуршлаараа шийдвэрлэх нь нэгэн найзын минь тодорхойлсноор “хүн модноосоо буугаагүй сармагчин” байх үед шаардлага хангаад байсан бол мэдээллийн эринд зуршлаар шийдвэрээ гаргаж амьдрах нь боломжгүй болсон нь ойлгомжтой юм. Учир нь орчин цагт хоорондоо уялдаа холбоогүй, ойлгомжгүй ба их хэмжээний мэдээлэлтэй ажиллах шаардлага хүнд илүү тулгарах болсон цаг. Харамсалтай нь араатан амьтанд бариулж амьдаараа идүүлэх эрсдэлтэй ширэнгэн ойд аж төрдөг цаг үе нь аль эртний дууссан ч зуршлаараа шийд гаргадаг дадал нь хадгалагдан хэвээр үлдсэнд гол асуудал байгаа юм. Энэ дадлын улмаас л хүн шийд гаргахдаа л байнга түргэдэж оновчгүй шийдвэр гаргаж байдаг. Зуршлаараа шийдвэр гаргах нь алдаатай шийдвэр гаргахад хүргэхээс гадна өөр бас нэг сөрөг үр дагаврыг дагуулж байдаг.

Тэр нь асуудлыг мэдэж байгаа мэт эндүүрлийг (knowledge illusion) үүсгэдэг явдал юм. Ийм эндүүрэл байдгийг олон судалгаагаар олж тогтоосон бол тэдгээрийн дундаас хамгийн алдартай нь "zippo асаагуурын тухай" гэх туршилт байсан. Уг судалгаанд оролцсон хүмүүсээс эхлээд “Та zippo асаагуур хэрхэн ажилладаг болохыг хэр сайн мэдэх вэ?” гэж асуухад ихэнх хүмүүс “гайгүй сайн мэднэ” гэж хариулжээ. Үүний дараагаар “Та zippo асаагуурын талаарх өөрийнхөө мэдлэгийг 10 оноогоор үнэлнэ үү?” гэж хүсжээ. Ихэнх хүмүүс өөрсдийгөө өндрөөр үнэлсэн аж. Харин өөрсдийгөө үнэлсний дараагаар тэдгээрээс zippo асаагуурыг ямар зарчмын дагуу ажилладаг болохыг 1-2 хуудсанд дэлгэрэнгүй тайлбарлаж бичихийг хүссэн. Гэтэл оролцогчдын дийлэнх нь тайлбарлаж чадаагүй. Үүний дараагаар zippo асаагуурын талаарх өөрсдийн мэдлэгийг дахин үнэлнэ үү? гэхэд үнэлгээний дүн огцом буурч ирсэн. Уг судалгаа нь юуг тодорхой харуулсан бэ? гэвэл хүн асуудлыг мэднэ гэж үргэлж эндүүрч байдаг. Мэдэж буйн эндүүрэл надад хамаагүй гэж бүү эндүүрээрэй. Унадаг дугуйг эрх биш хүн болгон мэдэх байх. Тэгвэл унадаг дугуйг ямар нэгэн зураг харахгүйгээр схемчлэн зураад үзээрэй. Дараагаар өөрийн зурснаа бодит дугуйтай харьцуулаад үзээрэй. Дийлэнх хүмүүс зөв зурж чаддаггүй.
Тэгэхээр ач холбогдол өгөөгүй зүйлийг уураг тархи үргэлж мартаж байдаг тул хүн дангаараа маш багыг мэддэг. Энэ байдал нь зуршлаар шийдвэр гаргадаг дадалтай хослоод ирэхээр буруу шийдвэр гаргах магадлал нь ямагт нэмэгдэж байдаг. Энэ бүгдийг олж тогтоосны үр дүнд "ер нь л хүн шийдвэрээ огт гаргаж чаддаггүй юм байна" гэж дүгнэхээс өөр замгүй болсон гэдэг.
"Тэгвэл ямар хүн ухаалаг шийдвэр гаргаж чаддаг вэ?" гэж асуувал хариулт нь ердөө "дүгнэлт түргэдэж хийдэггүй ба бусдыг сонсож чаддаг нэгэн" нь гэж хариулдаг байна. Эрдэмтдийн олж тогтоосноор хүний өдөрт гаргаж буй шийдвэрийн 50-60 хувь нь буруу шийдвэр байдаг. Тулгарсан асуудлын талаар нэмж нэг л асуулт асуухад өгөх хариулт нь зөв болох магадлал нь 50 хувиар сайжирдаг гэж дүгнэсэн байдаг.
Comments